228 дугаар зүйл. Хоригдлыг сахилгын байранд хорих

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

228 дугаар зүйл. Хоригдлыг сахилгын байранд хорих

228.1.Арван найман насанд хүрсэн эрэгтэй хоригдлыг 30 хүртэл хоног, эмэгтэй хоригдлыг 15 хүртэл хоног, онцгой тохиолдолд эрэгтэй хоригдлыг 60 хүртэл хоног, эмэгтэй хоригдлыг 30 хүртэл хоног сахилгын байранд ганцаарчлан хорино.

228.2.Хорих ангийн дотоод журмыг ноцтой зөрчсөн дараахь тохиолдолд сахилгын байранд хорих сахилгын шийтгэл оногдуулна:

228.2.1.хорих ангийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагын болон хорих ангийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, доромжилсон, эсхүл хорих ангийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, айлган сүрдүүлсэн;

228.2.2.хоригдол санаатайгаар өөртөө гэмтэл учруулсан;

228.2.3.бусад хоригдолд хүч хэрэглэсэн, нэр төрийг нь гутаан доромжилсон, заналхийлсэн;

228.2.4.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, хадгалсан, хэрэглэсэн;

228.2.5.ашиг хонжоо олох зорилгоор мөрийтэй тоглоом тоглуулсан, тоглосон, хөдөлгөөнт утас олж авсан, ашигласан, хадгалсан;

228.2.6.гурван сарын хугацаанд хоёр, эсхүл түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан.

228.3.Хорих ангийн дарга хоригдлыг сахилгын байранд хорих тухай шийдвэрийг хоригдлын зөрчлийн тодорхойлолт, зөрчлийг шалган тогтоосон материалтай танилцаж, хорих ангийн эрх бүхий алба хаагчийн саналыг үндэслэн гаргана.

228.4.Хойшлуулшгүй тохиолдолд хорих ангийн аюулгүй байдлыг хангах, хоригдол гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ангийн ерөнхий жижүүрийн шийдвэрээр хоригдлыг 24 цаг хүртэл хугацаанд сахилгын байранд хорьж болох бөгөөд сахилгын байранд үргэлжлүүлэн хорих эсэхийг хорих ангийн дарга энэ хуулийн 228.3-т заасан материалтай танилцан шийдвэрлэнэ.

228.5.Хоригдлыг сахилгын байранд шилжүүлэхийн өмнө түүний эрүүл мэндийн байдалд үзлэг хийнэ.

228.6.Хоригдлыг сахилгын байранд хорьсон тухай бүр прокурорт мэдэгдэнэ.

228.7.Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

228.8.Сахилгын байранд хоригдсон хоригдлын уулзалт хийх, утсаар ярих илгээмж авах, хоол, хүнсний бүтээгдэхүүн авах эрхийг сахилгын байранд хоригдох хугацаанд түдгэлзүүлнэ.

228.9.Энэ хуулийн 202.8-д заасны дагуу хүүхэдтэйгээ байгаа болон жирэмсэн хоригдолд сахилгын байранд хорих шийтгэл оногдуулахгүй.

228.10.Хоригдлын сахилгын зөрчлийг шалгах хугацаанд түүнийг тусгаарлах тасалгаанд байлгасан хугацааг сахилгын байранд хорьсон хугацаанд оруулан тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.