231 дугаар зүйл. Хоригдлын ахуйн нөхцөл
231.1.Хоригдлыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байр, ахуйн нөхцөл, энэ хуулийн 231.6-д заасан хэмжээний илчлэгтэй хоол, хүнсний бүтээгдэхүүнээр хангана.
231.2.Хорих анги нь хоригдлын ор, хөнжил, гудас, цагаан хэрэглэл болон хүйтэн, дулааны улирлын зориулалттай нэг загварын гадуур хувцсаар хангах ба хоригдол өөрийн зардлаар дотуур хувцас, цамц, бээлий өмсөхийг зөвшөөрнө.
231.3.Хоригдлын хоолны илчлэгийн хэмжээг хорих ангийн нөхцөл, хоригдлын ажлын нөхцөлийг харгалзан ялгамжтай тогтооно.
231.4.Эмнэлгийн комиссын дүгнэлтийг харгалзан жирэмсэн болон өвчтэй хоригдлын нөхцөлийг нь сайжруулж, хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ.
231.5.Хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаа хоригдолд хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн олгоно.
231.6.Хоригдолд олгох хоолны илчлэгийн доод хэмжээ, орц, норм, хувцасны загвар, төрөл, тоо, эдэлгээний хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
231.7.Хорих ял эдэлж байхдаа нас барсан хоригдлын тухай гэр бүлд нь мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор хариу ирээгүй бол хорих анги өөрийн зардлаар оршуулах бөгөөд нас барсан шалтгаан, нөхцөлийн талаархи материалыг хувийн хэрэгт хавсаргана.
231.8.Хоригдол өвчтэй нь хорих байгууллагын эмнэлгийн байгууллагаар тогтоогдсон бол энэ хуульд зааснаас гадна эмчийн заавар, зөвлөгөөний дагуу шаардлагатай эм, тариа бүхий илгээмжийг тоо харгалзахгүй авч болно.
231.9.Хорих анги хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын онцлог байдлыг хүндэтгэсэн, тэдгээрийн эрхийг саадгүй, хүртээмжтэй хангах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн байна.