239 дугаар зүйл. Хоригдолд чөлөө олгох
239.1.Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлын энэ хуулийн 213.1-д заасан төрөл, садангийн хүн хүндээр өвчилсөн, эсхүл нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол тухайн хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийг харгалзан хорих ангийн дарга зам хоногийг оролцуулан 7 хүртэл хоногийн чөлөө олгоно.
239.2.Чөлөө хүсэгч хоригдол, түүнийг батлан даагч энэ хуулийн 239.1-д заасан нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга, эмнэлгийн байгууллагын магадлагааг бүрдүүлэн хорих ангийн даргад чөлөө хүссэн өргөдлийн хамт өгч шийдвэрлүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
239.3.Чөлөө авах хоригдлыг түүний төрөл, садангийн хоёроос доошгүй хүний батлан даалтад өгөх бөгөөд хоригдол оргон зайлсан тохиолдолд түүнийг эрэн сурвалжлахтай холбогдон гарсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.
239.4.Батлан даагч нь хоригдлыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр хоригдлыг буцаан авчрах үүрэг хүлээнэ.
239.5.Чөлөөгөөр явах хоригдол, түүний батлан даагч чөлөөгөөр зорчиж байгаа орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгж байхгүй тохиолдолд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын цагаар өдөрт нэг удаа бүртгүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
239.6.Чөлөөний хугацаандаа бүртгүүлээгүй, чөлөөгөөр зорчихоор бүртгүүлсэн газарт очоогүй, зөрчил үйлдэж шийтгүүлсэн, эсхүл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол чөлөөг даруй зогсоож, хоригдолд энэ хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулна.
239.7.Хоригдол эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, эсхүл ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн, эсхүл оргохыг завдсан, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаа, сум, баг, дүүрэг, хорооны Засаг даргын тодорхойлолт, тамга, тэмдэг, батлан даагчийн иргэний үнэмлэх зөрчилтэй бол хоригдолд чөлөө олгохыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./