243 дугаар зүйл. Хорих ангийн техникийн хяналт, хамгаалалт
243.1.Хорих анги нь хамгаалалтын дараахь бүстэй байна:
243.1.1.гадна хориотой бүс;
243.1.2.хамгаалалтын хашаа;
243.1.3.дулаан, хөдөлгөөн мэдрэх дохиолол, цахилгаан хүчдэлийн шугам, дүрс бичлэгийн хяналт бүхий зурвас;
243.1.4.нэвтрэх хэсгийн дуу-дүрсний бичлэгийн хяналт бүхий бүс.
243.2.Хорих ангийн гадна хориотой бүс нь хоригдлын амьдралын бүсээс хот суурин газарт 500 метр, хөдөө орон нутагт 1000 метр байна.
243.3.Хоригдол, хорих ангийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хорих өрөө, хорих анги дотор хоригдол зорчих бусад хэсгийг хамарсан дуу-дүрсний бичлэгийн хяналтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зохион байгуулна.
243.4.Хаалттай хорих анги нь хамгаалалтын хашааны гадна талд дүрсний бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон хяналтын цамхагтай байна.
243.5.Энэ зүйлийн 243.1.4-т заасан хамгаалалтын бүсэд дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглан хяналт тавих бөгөөд хорих байгууллага, байр, өрөөнд нэвтрэх хэсэгт хамгаалалтын хаалттай байна.
243.6.Хорих ангийн аюулгүй байдлыг хангахад албаны нохой ашиглаж болно.
243.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэд албаны нохой сургалтын төвтэй байж болно.