25 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэх, ажлын хэсгээр гүйцэтгүүлэх
25.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, хамрах нутаг дэвсгэрийг харгалзан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх зорилгоор хоёр, түүнээс дээш шийдвэр гүйцэтгэгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж болно.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан шийдвэрийг улсын хэмжээнд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, орон нутгийн хэмжээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргах бөгөөд ажлын хэсгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахална.
25.3.Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гаргах журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно.