257 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

257 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо

257.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

257.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нутаг дэвсгэрийн болон тусгайлсан чиг үүргийн зарчмаар зохион байгуулагдана.

257.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид "шийдвэр гүйцэтгэх алба" гэх/, цагдан хорих шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх алба /цаашид "хорих ял эдлүүлэх алба" гэх/, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх алба /цаашид "хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба" гэх/, хорих байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс /цаашид "шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс" гэх/-ээс бүрдэнэ.

257.4.Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, газар зүйн байршил, дэд бүтэц, ял шийтгүүлсэн этгээдийн болон гүйцэтгэх баримт бичгийн тоог харгалзан сум, дүүрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

257.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа алба нь хариуцсан чиг үүргийн хүрээнд хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.

257.6.Хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь үйл ажиллагаагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын өмнө хариуцан тайлагнана.

257.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс нь хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий нэгж /алба хаагч/-тэй байна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

257.8.Хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн бүтэц, орон тоог шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.