260 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын чиг үүрэг
260.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
260.1.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах, алба хаагчийг сургаж бэлтгэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;
260.1.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнийг боловсронгуй болгох чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн талаар санал боловсруулах;
260.1.3.хууль тогтоомжид нийцүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд холбогдох журам, стандарт, заавар, зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэх, боловсронгуй болгох, биелэлтийг хангуулах;
260.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүргийг улсын хэмжээгээр нэгтгэн зохион байгуулж, дүн шинжилгээ хийх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээ авах;
260.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
260.1.6.хорих ангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
260.1.7.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан, нөхцөлийг арилгах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах;
260.1.8.шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулах болон бусад хяналтын систем нэвтрүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
260.1.9.хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцах;
260.1.10.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
260.1.11.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
260.1.12.ялтан, хоригдлын зүгээс алба хаагч руу чиглэсэн сөрөг үзэгдлийг таслан зогсоох, шалгах, хариуцлага тооцох орчинг бүрдүүлэх;
260.1.13.хорих байгууллагад онцгой нөхцөл байдал бий болсон үед таслан зогсоох арга хэмжээ авах;
260.1.14.хуульд заасан бусад чиг үүрэг.
260.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага энэ хуулийн 260.1.7-д заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, ажилтны үйл ажиллагаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тэдгээрт холбогдох хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
260.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод аюулгүй байдал, хяналт шалгалт хариуцсан нэгж алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгах явцад гомдол, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй болох нь илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлнэ.