262 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын бүрэн эрх
262.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
262.1.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах;
262.1.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
262.1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд болон хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст онцгой дэглэм тогтоох, албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
262.1.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчийн аюулгүй байдал, зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад материалаар хангах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
262.1.5.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах;
262.1.6.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай харилцах;
262.1.7.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчийн гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох;
262.1.8.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдлын түвшин, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг батлах;
262.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.