267 дугаар зүйл. Хорих анги, түүний чиг үүрэг

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

267 дугаар зүйл. Хорих анги, түүний чиг үүрэг

267.1.Хорих анги нь цагдан хорих шүүхийн шийдвэрийг биелүүлж гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлаж, эрх, эрх чөлөөнд нь хуульд заасан хязгаарлалт тогтоож, шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

267.2.Хорих анги дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

267.2.1.хорих ялыг албадан эдлүүлэх;

267.2.2.хоригдлын аюулгүй байдлыг хангах, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, хоригдол бусад этгээдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;

267.2.3.хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх;

267.2.4.хоригдлыг хөдөлмөрлүүлэх, эрхэлсэн үйлдвэрлэлийн чиглэлээр хоригдолд дадлага олгох;

267.2.5.хорих ял шийтгүүлсэн өсвөр насны хүнийг ерөнхий боловсролын сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох;

267.2.6.хоригдлын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах;

267.2.7.бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчтэй, согтуурах, мансуурах донтох эмгэгтэй хоригдлыг албадан эмчлэх;

267.2.8.гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст шилжүүлэх, хорих байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

267.2.9.хуульд заасан бусад чиг үүрэг.

267.3.Хорих анги нь гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг хоригдлоос гаргуулах, түүнийг хөдөлмөрлүүлэх, ажил, мэргэжлийн дадлага олгох зорилгоор үйлдвэрлэлийн салбар, нэгжтэй байж болох бөгөөд хорих ангийн хамгаалалтын бүсэд хувийн өмчит хуулийн этгээд ажиллуулж болно.

267.4.Хорих ангийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хамтарсан үйлдвэрлэлээс олсон орлогыг хорих ангийн аюулгүй байдал, хоригдлын ахуйн нөхцөлийг сайжруулах, хоригдлыг нийгэмшүүлэхэд зарцуулах бөгөөд хөрөнгийг хуваарилах, түүнд хяналт тавих журмыг санхүүгийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

267.5.Хоригдлыг ажлын байраар хангах, мэргэжлийн дадлага олгох зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх, үйлдвэрлэхэд оролцуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.