31 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах

31.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг дараахь үндэслэлээр төлбөр авагчид буцаана:

31.1.1.төлбөр авагч хүсэлт гаргасан;

31.1.2.төлбөр авагч шүүхийн шийдвэрт заасан, эсхүл төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.1.3.төлбөр авагч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад удаа дараа саад учруулсан, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасан үндэслэлээр төлбөрийг гаргуулах боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ тухай тэмдэглэл үйлдэж, гүйцэтгэх баримт бичиг, холбогдох баримтыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлнэ.

31.3.Гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэлтэй гэж үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зохих ёсоор битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан, худалдан борлуулсан, нуугдмал эд хөрөнгийг олж илрүүлэх талаар зохих ажиллагаа явуулсан эсэхийг хянан үзэж, тогтоол гаргана.

31.4.Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.

/Энэ хэсгийн "31.1.2" гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

31.5.Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт бичиг болон энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан нь уг үндэслэл арилсан тохиолдолд түүнийг дахин ирүүлэхэд саад болохгүй.

31.6.Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тухай төлбөр төлөгчид мэдэгдэнэ.

ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.