98 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болох үед төлбөр гаргуулах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

98 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болох үед төлбөр гаргуулах

98.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.

98.2.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн шаардлагаас илүү гарсан хэмжээгээр хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчид мэдэгдэнэ.

98.3.Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийн үнэ нь гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагын хэмжээнээс илүүгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор албадан борлуулах, эсхүл төлбөрт суутган шилжүүлэх тухай шийдвэр гаргана.

98.4.Шаардлагыг нь хангасан гүйцэтгэх баримт бичгийг дампуурлын хэрэг гүйцэтгэгч, эсхүл татан буулгах комисст хүргүүлнэ.

98.5.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 44.2-т заасан аливаа арга хэмжээг гүйцэтгэхгүй. Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан татан буулгах ажиллагаа эхлүүлсэн, эсхүл дампуурлын хэрэг үүсгэснээс хойш гүйцэтгэх баримт бичиг олгосон, эсхүл ирүүлсэн баримт бичгийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.

98.6.Татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авмагц Иргэний хууль, Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид, эсхүл гүйцэтгэх баримт бичиг ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлнэ.

98.7.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэн дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь сэргэж төлбөрийн чадвартай болсон боловч төлөвлөгөөний хугацаа дуусахад төлбөрийг барагдуулж дуусаагүй тохиолдолд дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

98.8.Төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч өөрийн шилжүүлсэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах талаар татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хуульд нийцсэн эсэхийг шалгаж болно.

ЭД ХӨРӨНГИЙН БУС ШААРДЛАГЫГ ХАНГАХ ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.