46 дугаар зүйл. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч

ПРОКУРОРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч

46.1.Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.

46.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.

46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.

46.4.Улсын ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр Улсын ерөнхий прокурорын аль нэг орлогч бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ. Улсын ерөнхий прокурорын орлогч Улсын ерөнхий прокурорын өмнө ажлаа хариуцна.

46.5.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.

46.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараахь тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:

46.6.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн;

46.6.2.гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

46.6.3.эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

46.6.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан.

/Энэ заалтыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

46.7.Энэ хуулийн 46.6-д зааснаар бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.1, 46.2-т заасан журмын дагуу дараагийн Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилно.

46.8.Энэ хуулийн 46.1, 46.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо зохион байгуулна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.