12 дугаар зүйл. Төрийн захиргааны албан тушаал

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Төрийн захиргааны албан тушаал

12.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:

12.1.1.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн, ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;

12.1.2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны бусад байгууллага, прокурорын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.3.Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;

12.1.4.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.5.яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны удирдах, гүйцэтгэх албан тушаал;

12.1.6.хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал;

12.1.7.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.8.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал;

12.1.9.хотын зөвлөлийн болон хот, тосгоны захирагчийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

12.1.10.хуульд заасан бусад албан тушаал.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.