33 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албаны шалгалт
33.1.Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна.
33.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.2.1.ерөнхий шалгалт;
33.2.2.тусгай шалгалт. /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.3.Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
33.4.Энэ хуулийн 33.2-т заасан ерөнхий болон тусгай шалгалтыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.5.Төрийн жинхэнэ албаны шалгалт нь сорил, ярилцлага болон бусад хэлбэртэй байна.
33.6.Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан агуулгатай байна:
33.6.1.удирдан зохион байгуулах чадварыг шалгах;
33.6.2.дүн шинжилгээ хийх чадварыг шалгах;
33.6.3.асуудал шийдвэрлэх чадварыг шалгах;
33.6.4.манлайлах чадварыг шалгах;
33.6.5.монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах;
33.6.6.багаар ажиллах чадварыг шалгах;
33.6.7.бусад.
33.7.Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.8.Энэ хуулийн 33.7-д заасан шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна.
33.9.Төрийн албаны төв байгууллага тусгай шалгалтыг зохион байгуулахдаа холбогдох байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрдсэн Шалгалтын зөвлөл байгуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.10.Төрийн албаны тусгай шалгалт авах талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон төрийн албаны төв байгууллагын цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.11.Төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 33.7-д заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж болно.
33.12.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./