44 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах

44.1.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.

44.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

44.3.Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.4.Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна. Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан ажиллуулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд анх илгээсэн төрийн байгууллагын саналыг авч, харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

44.5.Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

44.6.Энэ хуулийн 44.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дахин өөр төрийн байгууллагад үргэлжлүүлэн сэлгэн ажиллуулж болохгүй. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

44.7.Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно. /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.