65 дугаар зүйл. Төрийн албаны төв байгууллага
65.1.Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн.
65.2.Зөвлөл үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
65.3.Зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байна. Ажлын албаны дарга, салбар зөвлөлийн даргыг Зөвлөл томилж, чөлөөлнө.
65.4.Зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг Улсын Их Хурал тогтооно.
65.5.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
65.6.Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.
65.7.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална.
65.8.Зөвлөлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
65.9.Энэ хуулийн 65.8-д заасныг зөрчсөн албан тушаалтныг төрийн албанаас халах үндэслэл болно.
65.10.Зөвлөл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./