3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."багш" гэж Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг;
3.1.2."багшийн хөгжил" гэж багшийн мэдлэг, арга зүй, ур чадвар, боловсролоо дээшлүүлэх тасралтгүй үйл явцыг;
3.1.3."багшийн хөгжлийн төв" гэж багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд шаардлагатай хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж бүхий орчинг;
3.1.4."багшийн ажлын гүйцэтгэл" гэж суралцагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшил, хандлага, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад чиг үүргийн хүрээнд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээгээр илэрхийлэгдэх үр дүнг;
3.1.5."ерөнхий боловсролын сургуулийн туслах багш" гэж багшийн мэргэжлээр төгссөн, сургалтын үйл ажиллагаанд багшид туслах үүрэг бүхий этгээдийг;
3.1.6."боловсролын салбарын мэдээллийн систем" гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллага, сургалтын орчин, сургалтын үйл явц, үр дүн, салбарын хүний нөөц, суралцагчийн мэдээллийг бүртгэх, тайлан, мэдээ боловсруулах, хяналт тавих зориулалт бүхий программ хангамж, сүлжээний дэд бүтэц болон техник хангамжийн нэгдлийг.