12 дугаар зүйл. Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөх

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөх

12.1.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна:

12.2.1.нэрийн сан;

12.2.2.хаягийн сан;

12.2.3.хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.2.4.төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэл.

12.3.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл хаалттай байна:

12.3.1.иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэл;

12.3.2.төрийн нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл;

12.3.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахад хөтөлсөн улсын бүртгэлийн мэдээлэл.

12.4.Энэ хуулийн 12.3.1-д заасан мэдээллийг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах болон тухайн иргэний зөвшөөрлөөр таних, баталгаажуулах зорилгоор ашиглаж болно.

12.5.Энэ хуулийн 12.3-т зааснаас бусад мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй олгоно.

12.6.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаарлалттайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21.2-т заасны дагуу тогтооно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.7.Доор дурдсан мэдээллийг дараах зорилгоор энэ хуулийн 12.6-д заасан журмын дагуу ашиглахаар авч болно:

12.7.1.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нэр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн нэр;

12.7.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөний улмаас иргэний хэргийн шүүх, арбитрт гомдол, нэхэмжлэл гаргах зорилгоор хаягийн мэдээлэл.

12.8.Энэ хуулийн 12.2, 12.6-д заасан мэдээллээс лавлагаа, мэдээлэл өгөх, энэ хуулийн 12.3-т заасан мэдээлэлтэй танилцах, мэдээлэл өгөх журмыг тус тус Засгийн газар батална.

12.9.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага лавлагаа, мэдээлэл авах тухай хүсэлт, мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу өгнө.

12.10.Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

12.11.Улсын бүртгэлийн байгууллага лавлагаа, мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24.4-т заасны дагуу баталгаажуулан цахим хэлбэрээр олгож болох бөгөөд энэ хуулийн 12.10-т заасантай нэгэн адил хүчинтэй байна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.12.Төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10, 27.9-д заасны дагуу зохицуулна. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.13.Улсын бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл, хуулбар авсан этгээд уг мэдээллийг ашиглан тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

12.14.Эрүү, иргэн, зөрчил, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээдээр дамжуулан авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.