3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."улсын бүртгэл" гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;
3.1.2."иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;
3.1.3."хуулийн этгээдийн улсын бүртгэл" гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;
3.1.4."эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;
3.1.5."улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан" гэж нэгдсэн ангилал, код, индекс, арга зүй, стандарт, баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулж, хадгалсан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;
3.1.6."иргэний үнэмлэхийн санах ой" гэж энэ хуульд заасны дагуу иргэний хувийн мэдээллийг агуулсан, мэдээлэл нь бичигдэх, уншигдах, өөрчлөх боломжтой цахим санах ойг;
3.1.7."эх нотлох баримт бичиг" гэж улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг;
3.1.8."цахим архивын сан" гэж эх нотлох баримт бичгийг зурган болон дижитал хэлбэрээр хадгалсан хувийг;
3.1.9."нэрийн сан" гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн ургийн овог, иргэний нэрийг кирилл, уйгаржин, латин үсгээр галиглан бичсэн нэгдсэн жагсаалтыг;
3.1.10."хаягийн сан" гэж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хороолол, гудамжны нэр, байрны дугаар, газар, усны нэрийн жагсаалтыг.