20 дугаар зүйл. Барьцаалбарын бүртгэл
20.1.Барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчилсэн бол барьцаалуулагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаалбарыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг гаргана.
20.2.Улсын бүртгэгч барьцаалбарт гэрээ байгуулсан он, сар, өдөр, газрыг тэмдэглэж, гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд хуулбарыг нь хувийн хэрэгт авч, ажлын 3 өдрийн дотор бүртгэн барьцаалагчид эх хувийг буцаана.
20.3.Барьцаалбарт оруулсан өөрчлөлтийг барьцаалуулагчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэх бөгөөд өөрчлөлтийг тусгасан хавсралтыг улсын бүртгэгч баталгаажуулж, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.
20.4.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 17.1.2-т заасны дагуу барьцаалбарыг шинээр үйлдсэн бол хуучин барьцаалбарт "хүчингүй" тэмдэг дарж, буцаах бөгөөд уг барьцаалбарын бүртгэл хүчингүй болсон талаар хувийн хэрэгт тэмдэглэж, шинэ барьцаалбарыг энэ хуульд заасан журмын дагуу бүртгэнэ.
20.5.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 19.1-д заасны дагуу дахин олгосон барьцаалбарт улсын бүртгэгч гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулж буцаах бөгөөд хувийн хэрэгт дахин олгосон талаар тэмдэглэж, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.