26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах
26.1.Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
26.2.Хуулийн этгээдийг энэ хуулийн 26.1-д заасны дагуу улсын бүртгэлээс хассантай холбогдуулан үүсэх үр дагаврыг тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээд хариуцна.
26.3.Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанаас хойш нэг жилийн хугацаанд тухайн хуулийн этгээдийн нэрийг бусад иргэн, хуулийн этгээдэд олгохгүй.