25 дугаар зүйл. Албан татвар суутган тооцох, төсөвт төлөх

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Албан татвар суутган тооцох, төсөвт төлөх

25.1.Энэ хуулийн 4.1.11-д заасан суутган төлөгч албан татвар ногдуулахад доор дурдсан журмыг баримтална:

25.1.1.энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогын дүнд энэ хуулийн 21.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.2.энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.4-т заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.3.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.4.энэ хуулийн 19.1.1-д заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.2-т заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.5.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.3-т заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;

25.1.6.энэ хуулийн 20.1, 20.4-т заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.5-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх; /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.7.Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогын дүнд энэ хуулийн 21.5-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх.

25.2.Албан татвар төлөгчийн харилцах данс, хадгаламжид хүү тооцох бүрдээ банк, санхүүгийн байгууллага нь суутган төлөгчийн үүрэг хүлээж, албан татвар ногдуулан суутгаж, холбогдох төсөвт шилжүүлнэ.

25.3.Суутган төлөгч нь хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогод албан татвар ногдуулахад холбогдох нотлох баримтыг үндэслэн энэ хуулийн 22.1.2-т заасан чөлөөлөлтийг хасаж тооцно.

25.4.Суутган төлөгч нь хувь хүнд орлого олгох бүрдээ түүний албан татвар төлөгчийн дугаар болон хувь хүн тус бүрээр олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан албан татварын хэмжээний мэдээллийг цахимаар, эсхүл хувь хүний орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэж, харьяа татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж илгээнэ.

25.5.Суутган төлөгч нь албан татвар төлөгчид энэ хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ тус хэсэгт заасан албан татвар ногдуулах орлого болон хөнгөлөлтийг 12 сард тэнцүү хувааж, сар бүр эдлүүлнэ.

25.6.Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 25.2-т зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ.

25.7.Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн энэ хуулийн 21.1-д заасны дагуу ногдох албан татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

25.8.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд ногдуулж, суутгана. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.