27 дугаар зүйл. Албан татварын тайлан хүргүүлэх хугацаа
27.1.Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2, 20.1, 20.4-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.2.Албан татвар төлөгч энэ хуулийн 15.1, 15.6, 16.1.1, 17.1.2, 17.1.3-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
27.3.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь энэ хуулийн 26.2-т заасны дагуу хураан авсан албан татварын тайланг харьяа татварын албанд дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
27.4.Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч нь гадаад улсад олсон энэ хуулийн 14 дүгээр зүйл, 16.1.2, 16.1.3, 16.1.4, 17.1.1, 18 дугаар зүйл, 19.1.1, 19.1.2-т тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
27.5.Энэ хуулийн 22.1.2, 22.1.4, 22.1.7, 23.1-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.
27.6.Албан татвар төлөгч татварын жил дуусахаас өмнө тухайн татварын жилд хамаарах албан татварын тайлан гаргаж, холбогдох тооцоог урьдчилан хийж болно.