ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Татвар, төсөв, санхүү · 9 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ.

2 дугаар зүйл. Суутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана.

3 дугаар зүйл. Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлж, 2020 оны татварын жилд эдлүүлнэ.

4 дугаар зүйл. Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд энэ хуулийн 3 дугаар зүйл хамаарахгүй.

5 дугаар зүйл. 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6-д заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг албан татвар төлөгч 2019 оны татварын жилд бүрэн эдэлж дуусаагүй тохиолдолд үлдэх хэсгийг 2020 оны татварын жилээс үргэлжлүүлэн эдлүүлнэ.

6 дугаар зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1-д заасан хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолно.

7 дугаар зүйл. Хувь хүний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авсан, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан зарчмыг баримтална.

8 дугаар зүйл. Энэ хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

9 дугаар зүйл. Энэ хуулийг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.