19 дугаар зүйл. Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
19.1.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах хэмжил зүйн төв байгууллага мөн.
19.2.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.2.1.хэмжил зүйн хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
19.2.2.хэмжил зүйн дүрэм, журам баталж, хэрэгжилтийг хангах;
19.2.3.хэмжлийн эталоныг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх;
19.2.4.хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг тогтоох стандартыг батлуулж, мөрдүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.2.5.холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.2.6.хариуцсан асуудлаар олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, олон улс, бүс нутаг, гадаад улс орны хэмжил зүйн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэмжлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг зохион байгуулах;
19.2.7.хэмжил зүйн асуудлаар төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах;
19.2.8.улсын шалгагчийн эрх олгох, аттестатчилах;
19.2.9.хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг хөтлөх.
19.3.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэмжил зүйн хүрээлэнтэй байна.
19.4.Хэмжил зүйн хүрээлэн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.4.1.улсын эталон, стандартчилсан загварыг бий болгох, зохион бүтээх, хадгалах, харьцуулан дүйлгэж баталгаажуулах;
19.4.2.хэмжил зүйн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил, туршилт хийх;
19.4.3.улсын эталоны нэгж дамжуулалтыг олон улсад болон үндэсний хэмжээнд хангах;
19.4.4.өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх;
19.4.5.хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх;
19.4.6.үндэсний болон олон улсын хэмжлийн харьцуулалтад оролцох, зохион байгуулах;
19.4.7.хэмжил, шалгалт тохируулгын чадавхыг Жин, хэмжүүрийн олон улсын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх.
19.5.Улсын эталоныг хөтлөх, нэгж дамжуулах аргачлалыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.