22 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн хэмжил зүйн үйл ажиллагаа

ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн хэмжил зүйн үйл ажиллагаа

22.1.Аж ахуйн нэгж, байгууллага, эрхэлсэн ажил, үйлчилгээнийхээ хүрээнд хэмжил зүйн чиглэлээр дараах эрх, үүрэгтэй:

22.1.1.хэмжил зүйн ажлыг тодорхой нэгж, албан тушаалтанд хариуцуулах, эсхүл хэмжил зүйн албыг ажиллуулах;

22.1.2.хэмжлийн шаардагдах нарийвчлал, хязгаарт тохирсон хэмжих хэрэгслийг ашиглах;

22.1.3.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлсэн хэмжих хэрэгслийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах;

22.1.4.байгалийн нөөцийн олборлолт, ашиглалт, худалдаа, үйлчилгээний тооцоог шалгалт баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслээр гүйцэтгэх;

22.1.5.энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх;

22.1.6.гүйцэтгэсэн хэмжлийн үр дүнгийн үнэн зөв байдлыг хариуцах;

22.1.7.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх бол чадавхаа үнэлүүлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлэх;

22.1.8.энэ хуулийн 12.1, 12.2-т заасан шаардлагыг хангасан савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ, зөвшөөрөх хэлбэлзлийн утгыг сав, баглаа боодлын шошгонд үндэсний стандартын дагуу тэмдэглэх;

22.1.9.хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон бусад ажил, үйлчилгээний зардлыг бүрэн хариуцах.

22.2.Аж ахуйн нэгж, байгууллага хэмжил зүйн дотоод хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

22.2.1.хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хугацаанд нь бүрэн хамруулж байгаа эсэхэд хяналт тавих;

22.2.2.өөрийн хэмжих хэрэгслийг шалгалт тохируулгад хамруулах;

22.2.3.хэмжих хэрэгслийн техникийн бэлэн байдал, ашиглалтад болон хэмжил гүйцэтгэх аргачлал, хэмжлийн шаардагдах нарийвчлал, хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах.

22.3.Иргэн, төрийн бус байгууллага хэмжил зүйн чиглэлээр дараах эрх, үүрэгтэй:

22.3.1.хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, хэмжил зүйн хяналт шалгалт хийлгэх хүсэлт гаргах;

22.3.2.хэмжил зүйн ажил, үйлчилгээ, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтын талаар мэдээлэл авах;

22.3.3.хэмжих хэрэгслийн ашиглалт, хэмжил гүйцэтгэх аргачлал, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын явцад гарсан зөрчлийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, гарсан зөрчлийг арилгах талаар шаардах, шийдвэрлүүлэх;

22.3.4.хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалтын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцох, энэ талаар санал, хүсэлт гаргах.

БУСАД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.