3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хэмжил" гэж хэмжигдэхүүний тоон утгыг тодорхойлох үйл ажиллагааг;
3.1.2."хэмжлийн нэгж" гэж хэмжил гүйцэтгэхэд жишиг болгон сонгож авсан нэгж хэмжигдэхүүнийг;
3.1.3."хэмжлийн эталон" гэж хэмжлийн нэгж, түүний тодорхой утгыг тогтоох, бий болгох, хадгалах, хуулбарлах, харьцуулах замаар бусад хэмжих хэрэгсэлд дамжуулах зориулалттай хэмжих хэрэгслийг;
3.1.4."улсын эталон" гэж үндэсний хэмжээнд хэрэглэх хамгийн өндөр нарийвчлалтай хэмжлийн эталоныг;
3.1.5."хэмжих хэрэгсэл" гэж хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжил зүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг;
3.1.6."нэгж дамжуулалт" гэж шалгалт тохируулгын зохих шатлалаар хэмжлийн эталонтой харьцуулсан хэмжлийн үр дүнгийн үзүүлэлтийг;
3.1.7."хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга" гэж хэмжих хэрэгслийн заалтыг тодорхой нөхцөлд хэмжлийн эталоны утгатай харьцуулж, хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг;
3.1.8."стандартчилсан загвар" гэж хэмжил гүйцэтгэх, бодис, материалын хэвийн үзүүлэлтийг шалгах зориулалтаар зохион бүтээсэн, найрлага шинж чанар нь өөрчлөгдөхгүй нэг төрлийн жишиг бодис, материалыг;
3.1.9."хэмжил гүйцэтгэх аргачлал" гэж хэмжил гүйцэтгэх үндэслэл болгосон физикийн зарчим, тухайн хэмжих хэрэгслийг ашиглах нөхцөл, арга зүйг тогтоосон баримт бичгийг;
3.1.10."хэмжил зүйн мэргэжлийн байгууллага" гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
3.1.11."хэмжих хэрэгслийн загварын туршилт" гэж хэмжих хэрэгслийн загварыг эрх бүхий байгууллагаас туршиж, үр дүнг тогтоох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг;
3.1.12."хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт" гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг;
3.1.13."савласан бүтээгдэхүүн" гэж бүтээгдэхүүний тоон хэмжээг урьдчилан тогтоож, өөрчлөх боломжгүйгээр битүүмжилсэн бараа материалыг.
3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад нэр томьёог Хэмжил зүйн болон Стандартчиллын олон улсын байгууллагаас баталсан нэр томьёоны тодорхойлолт, тайлбар, толь бичгийн стандартад заасны дагуу ойлгож хэрэглэнэ.
ХЭМЖЛИЙН НЭГЖ, ХЭМЖЛИЙН ЭТАЛОН, НЭГЖ ДАМЖУУЛАЛТ