10 дугаар зүйл. Төрийн байгууллагын бүрэн эрх

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Төрийн байгууллагын бүрэн эрх

10.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар Монгол Улсын Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.сургуулийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын нормативыг инфляцийн түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан жил тутам шинэчлэн батлах;

10.1.2.энэ хуулийн 10.1.1-д заасан зардал болон тухайн жилд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэх;

10.1.3.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах нэгжтэй байх бөгөөд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.2.1.эрүүл мэндийн боловсролын сургалтын хөтөлбөрт зохистой хооллох шим тэжээлийн мэдлэг олгох агуулгыг тусган боловсруулж, хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.2.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, батлуулах;

10.2.3.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан орон тооны бус Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах;

10.2.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

10.2.5.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах; /заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.6.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналтын журмыг батлах;

10.2.7.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;

10.2.8.хоол зүйч, тогоочийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх;

10.2.9.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, холбогдон гарах зардлыг төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэх;

10.2.10.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

10.2.11.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах энэ хуулийн 6.1-д заасан зориулалтын байр болон түүнд ашиглах тоног төхөөрөмжийг худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зориулан хандив, тусламжийг хүлээн авах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

10.2.12.энэ хуулийн 10.2.11-д заасан хандив, тусламжийг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг батлах.

10.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.3.1.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

10.3.2.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад заасан сургалтыг зохион байгуулах;

10.3.3.сургуулийн хоол үйлдвэрлэлд нийлүүлэх дотоодод үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн гарал үүслийг баталгаажуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

10.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.4.1.сургуулийн хүүхдийн хоол тэжээлийн байдлын судалгааг таван жил тутамд гаргаж, үр дүнг холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлэх;

10.4.2.сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлах;

10.4.3.Хүнсний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хэмжээг үндэслэн сургуулийн хүүхдийн хоол хүнснээс авбал зохих шим тэжээл, илчлэгийн хэмжээг тодорхойлох;

10.4.4.тусгай хоолны дэглэмтэй хүүхдэд зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоолны жишиг цэс, зөвлөмж гаргах;

10.4.5.энэ хуулийн 10.4.1-д заасан судалгаанд үндэслэн хүүхдийн зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

10.4.6.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтад заасны дагуу сургууль дээр тандалт судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг мэдээлэх.

10.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5.1.нутаг дэвсгэрийнхээ сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг жигд, тогтвортой зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

10.5.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжлийн бүтэц, орон тоогоор хангахад дэмжлэг үзүүлэх;

10.5.3.сургуулийн дэргэдэх туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

10.5.4.орон нутгаас нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой явуулах арга хэмжээг хэрэгжүүлэх.

10.6.Аймаг, нийслэлийн боловсролын газар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.6.1.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

10.6.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамж нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт, үнэлгээ хийж, аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулах.

10.7.Сургуулийн захирал сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.7.1.хоол зүйч, тогоочийг давтан сургах;

10.7.2.Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах;

10.7.3.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулах;

10.7.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад шаардлагатай зардлын хуваарилалтыг шийдвэрлүүлэх;

10.7.5.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах энэ хуулийн 6.5-д заасан ажилтныг томилох, чөлөөлөх.

СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ, ТАВИХ ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.