7 дугаар зүйл. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж

7.1.Сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангана:

7.1.1.сургуулийн хоол үйлдвэрлэлд гарал үүслийн, эсхүл мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн ашиглах;

7.1.2.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний агуулах, сав баглаа боодол нь стандартын шаардлагад нийцсэн байх;

7.1.3.сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг хангасан органик, орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид хэрэглэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар “орон нутгийн” гэсний өмнө “органик," гэж нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.1.4.сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх.

7.2.Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар хариуцан нийлүүлж болох бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах эсэх талаар шийдвэр гаргана.

7.3.Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан болон дэд бүтцийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.2-т заасан үйлдвэрийн газрыг байгуулах боломжгүй талаар холбогдох байгууллага шийдвэр гаргасан бол төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.

7.4.Энэ хуулийн 7.2-т заасан үйлдвэрийн газар нь сургуулийн хоол үйлдвэрлэлд стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэхэд чиглэсэн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.4.1.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулсан байх;

7.4.2.хүнсний ногоо, жимс, жимсгэнээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

7.4.3.зориулалтын агуулахаар хангах;

7.4.4.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг захиалгын дагуу тээвэрлэж түгээх.

7.5.Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүнийг сургуулийн дэргэдэх туслах аж ахуйгаас бэлтгэж болох бөгөөд туслах аж ахуй нь сургалт-туршилтын талбай бүхий ашгийн төлөө бус байна.

7.6.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.