9 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний кластерыг дэмжих
9.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэхэд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлнэ:
9.1.1.түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх;
9.1.2.дэд бүтцийн хангамжийг сайжруулах;
9.1.3.үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
9.2.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд тэдгээрийн ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцож, зохих ангилалд хамааруулж болно.
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээг нэгтгэн тооцох үндэслэлийг хянаж, зохих ангилалд хамааруулахтай холбогдсон журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.4.Орон нутагт кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн төсөл нь энэ хуулийн 15.1.2-т заасан чиглэлд хамаарч байвал төрөөс тэргүүн ээлжинд дэмжинэ.
9.5.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д заасан чиглэлээр нийслэл хотын тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх бол тухайн аж ахуйн нэгжийг төрөөс тэргүүн ээлжид дэмжинэ. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./