ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 6 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлӨмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүх Өмгөөлөгчдийн Холбоонд шилжүүлнэ.
- 2 дугаар зүйлӨмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хуралдуулах бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
- 3 дугаар зүйлӨмгөөлөгчдийн Холбооны Их Хурал 300, түүнээс багагүй өмгөөлөгчийн төлөөлөлтэй байна. Төлөөлөгчдийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуульчдаас сонгон оролцуулах бөгөөд сонгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
- 4 дугаар зүйлМонголын Өмгөөлөгчдийн Холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг Өмгөөллийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
- 5 дугаар зүйлӨмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг уялдуулах, чиг үүргийг оновчтой хуваарилах, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлнэ.
- 6 дугаар зүйлЭнэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.