14 дугаар зүйл. Сонгуулийн байгууллага
14.1.Сонгуулийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо, гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо, төв комисс, салбар комисс нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага /цаашид "сонгуулийн хороод" гэх/ бөгөөд хэсгийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.3.Сонгуулийн хороодод нээлттэй сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.4.Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
14.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.6.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны төлөөлөл, цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын дарга орсон байна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.7.Сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгуулийн хороодод томилохыг хориглоно. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.8.Сонгуулийн хороодын үйл ажиллагаа тэдгээрийг байгуулсан этгээд нь татан буулгах тухай шийдвэр гаргаснаар дуусгавар болно. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.9.Сонгуулийн хороод шатлан захирагдах зарчмаар ажиллах ба дээд шатны сонгуулийн хорооны бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг доод шатны сонгуулийн хороо биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.10.Дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.11.Дээд шатны сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүргийг биелүүлээгүй нь тухайн доод шатны сонгуулийн хороо, түүний бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэл болно. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.12.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх, сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах ажиллагаанд саад учруулах, бусдыг төлөөлж санал өгөх, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус аливаа үйлдэл хийх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.13.Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнгийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байхад аливаа этгээд санал хураалтын дүнгийн талаар мэдэгдэл хийхийг хориглоно. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.14.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.15.Сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, менежер, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.16.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, сонгуулийн зохих шатны байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслалцаа үзүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.17.Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.18.Сонгуулийн хорооны ажиллах байр, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.19.Сонгуулийн хороог аюулгүй байдлыг хангасан ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.20.Сонгуулийн хороод нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.21.Энэ хуулийн 14.12-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд энэ нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно. /Энэ хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./