16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх

16.1.Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

16.2.2.сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

16.2.3.сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

16.2.4.сонгууль зохион байгуулахтай холбогдсон асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

16.2.5.сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах сонгуулийн хороодод хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих;

16.2.6.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

16.2.7.харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох;

16.2.8.санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх;

16.2.9.дахин болон нэмэлт санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах;

16.2.10.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх;

16.2.11.хуульд заасан бусад эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.