21 дугаар зүйл. Ээлжит бус, нөхөн сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Ээлжит бус, нөхөн сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн хэсгийг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 7 хоногийн дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 14 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Энэ хуулийн 20.6-д заасан байгууллага холбогдох мэдээллийг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 21.3-т заасны дагуу хүргүүлсэн мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш нэг хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9-д заасан өөрчлөлтийг тусгана.

21.6.Энэ хуульд заасан өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.7.Ээлжит бус, нөхөн сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.