23 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам
23.1.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.3.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.
23.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгож, тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн, энэ тухай тэмдэглэл үйлдэн хэсгийн хороонд мэдэгдэнэ.
23.5.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар энэ хуульд заасан хугацаа дууссанаас хойш сонгогчдын нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлттэй танилцах эрхтэй.
23.6.Ажиглагч энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахдаа зураг авах, бичлэг хийх зэргээр сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулахыг хориглоно.
23.7.Энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн ажилтан болон хэсгийн хорооны дарга хамтран зохион байгуулж, хяналт тавина.
23.8.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол, мэдээллийн дагуу тухайн гомдол, мэдээллийг шалгахад шаардлагатай мэдээлэл, баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч, зөрчлийг арилгах асуудлаар эрх бүхий байгууллагад хугацаатай шаардлага хүргүүлэх эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./