44 дугаар зүйл. Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан
44.1.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.
44.2.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй.
44.3.Дараах байгууллага, хуулийн этгээд сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй:
44.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
44.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
44.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.
44.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 44.3 дахь хэсэг хамаарахгүй.
44.5.Энэ хуулийн 44.3 дахь хэсэгт шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй.
44.6.Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар зохион байгуулсан уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй. /Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Улсын Их Хурлын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./ /Энэ хэсгийг 2025 оны 04 дүгээ сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./