58 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал
58.1.Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
58.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
58.2.1.нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих;
58.2.2.нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах;
58.2.3.сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх;
58.2.4.төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс сонгуулийн санхүүжилттэй холбоотой баримт бичгийг гаргуулан авах;
58.2.5.зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журам, маягт батлах.
58.3.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38.5, 38.13-т заасан мэдээллийг дүгнэлт гаргаж дууссан өдрөөс эхлэн, 58.4-т заасан мэдээллийг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
58.4.Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
58.5.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 58.2-т заасан бүрэн эрхийн дагуу мэдээлэл, баримт шаардсан тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ