641 дугаар зүйл. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
641.1.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг энэ хуульд заасны дагуу тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
641.2.Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
641.3.Сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг бүхий байр, саналын хайрцгийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө энэ хуульд заасны дагуу тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж, бэлтгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
641.4.Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
641.5.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн саналын хуудсаар авна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
641.6.Сонгуулийн ерөнхий хороо нь саналын хуудсыг уутны хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө салбар комисст хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
641.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./