68 дугаар зүйл. Ажиглагчийн эрх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

68 дугаар зүйл. Ажиглагчийн эрх

68.1.Ажиглагч санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглана.

68.2.Ажиглагч дараах эрх эдэлнэ:

68.2.1.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдал болон зарцуулалтын тайлантай танилцах;

68.2.2.санал авах үйл ажиллагааг ажиглах;

68.2.3.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

68.2.4.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хороонд мэдэгдэж, залруулахыг хүсэх;

68.2.5.сонгогчийн саналаа нууцаар гаргах эрх болон сонгуулийн хорооны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;

68.2.6.хэсгийн хорооны гишүүнээс холбогдох мэдээлэл авах;

68.2.7.ажиглалтын тайланг бодит тоо, баримтад тулгуурлан гаргах;

68.2.8.санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас авах;

68.2.9.цахим хэлбэрээр хуулбарласан саналын хуудасны зурган мэдээллийг авах;

68.2.10.энэ хуулийн 65.11-д заасан жагсаалт болон тэмдэглэлтэй танилцах, уг жагсаалтыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэх.

68.3.Ажиглагчийн эрх ажиглагчийн үнэмлэх авснаар эхэлж, энэ хуульд заасны дагуу санал хураалтын дүн гарснаар дуусгавар болно.

68.4.Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.