74 дугаар зүйл. Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх
74.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.1.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.1.2.хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.2.Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.2.1.энэ хуулийн 4.3.1-д заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.2.2.намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.2.3.хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.2.4.гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
74.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
74.3.1.санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
74.3.2.энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
74.3.3.энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
74.3.4.энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
74.3.5.энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
Тайлбар: “хуваарилагдаагүй суудал” гэж энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нам, эвслийн авсан саналын бүхэл хэсэгт нь ногдох суудал хуваарилахад суудал хуваарилагдаагүй үлдсэн, мөн нам, эвслийн авсан саналд ногдох суудлын тоо нь тухайн нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчийн тооноос их тооцогдсоны улмаас суудал хуваарилагдаагүй үлдэхийг ойлгоно. /Энэ тайлбарыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
74.3.6.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
74.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 74.1, 74.3-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
74.5.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, ОРОН ГАРСАН СУУДЛЫГ НӨХӨХ, НЭМЭЛТ БОЛОН ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ