5 дугаар зүйл. Тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх арга хэмжээ, түүний санхүүжилтийн эх үүсвэр
5.1.Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.
5.2.Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг үнэт цаас гаргаж төлөх гэрээг холбогдох банк тус бүртэй байгуулна.
5.3.Монгол Улсын Хөгжлийн банк энэ хуулийн 5.1-д заасан үнэт цаасанд хууль тогтоомжид нийцүүлэн бие даан баталгаа гаргах бөгөөд уг баталгаанд зориулж төрийн өмчийг барьцаалахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт хамаарахгүй.
5.4.Монголбанк энэ хуулийн 5.1-д заасан үнэт цаасыг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалтад заасан хэрэгслийг ашиглан худалдан авна.
5.5.Тэтгэврийн зээлийг төлөхтэй холбоотойгоор энэ хуулийн 5.1-д заасан төрийн өмчит компани зээл авах болон үнэт цаас гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг авахгүй.
5.6.Энэ хуулийн 5.4-т заасны дагуу үнэт цаас эзэмшсэнээс Монголбанкны өөрийн хөрөнгө буурсан тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэх замаар нөхнө.
5.7.Энэ хуулийн 5.4-т заасны дагуу Монголбанк үнэт цаас худалдан авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 7 дахь заалт хамаарахгүй.