ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын хууль · 7 зүйл · хүчин төгөлдөр
- 1 дугаар зүйлИргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ.
- 2 дугаар зүйлТөрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг жилийн 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай нийт 900.0 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх, энэ хуулийн 1, 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу мөнгөжүүлэх болон "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулна.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэнд эзэмшүүлэх 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас болон 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлнэ.
- 4 дугаар зүйлТэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлнэ.
- 5 дугаар зүйлНийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гаргасан үнэт цаасны хүүгийн зардлыг бууруулах зорилгоор үнэт цаасыг банк эзэмших хугацаанд нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгөөс хөнгөлөлттэй хүүтэй хадгаламж байршуулж болно.
- 6 дугаар зүйлИргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон энэ хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой журмыг Засгийн газар батална.
- 7 дугаар зүйлЭнэ хуулийг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.