4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."өргөн нэвтрүүлэг" гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэж, нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг;
4.1.2."өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ" гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5-д заасан үйлчилгээг;
4.1.3."радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ" гэж радио давтамж ашиглан сүлжээ байгуулж, хэрэглэгч хүлээн авах төхөөрөмж ашиглан радио, телевизийн үйлчилгээг тодорхой хүрээнд үнэ төлбөргүй хүлээн авах боломжоор хангах үйлчилгээг;
4.1.4.“олон суваг дамжуулах үйлчилгээ” гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр, интернэт протоколд суурилж радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.1.5."радио, телевизийн үйлчилгээ" гэж өөрийн редакцад хөтөлбөр бэлтгэн харилцаа холбооны сүлжээнд холбогдож, олон нийтэд түгээх үйлчилгээг;
4.1.6."олон нийтийн радио, телевиз" гэж Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, ашгийн төлөө бус радио, телевизийн үйлчилгээг;
4.1.7."арилжааны радио, телевиз" гэж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх радио, телевизийн үйлчилгээг;
4.1.8."контент" гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг;
4.1.9."хөтөлбөр" гэж бүх төрлийн нэвтрүүлгийг радио, телевизээр дамжуулах хуваарьт оруулсан багцыг;
4.1.10."нэвтрүүлэг" гэж радио, телевизээр дамжуулах зориулалтаар бэлтгэсэн бүх төрлийн контентыг;
4.1.11."үндэсний бүтээл" гэж Монгол Улсын иргэн, эсхүл тухайн бүтээлийн уран бүтээлчдийн багийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн бүтээсэн бүтээлийг;
4.1.12."мэдээ" гэж Монгол Улсын болон олон улсын цаг үеийн үйл явдлын талаарх өдөр бүрийн тогтмол мэдээллийн нэвтрүүлгийг;
4.1.13."захиалгат нэвтрүүлэг" гэж радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулахаар хандсан хүсэлтийн дагуу бэлтгэсэн нэвтрүүлгийг;
4.1.14."суваг" гэж радио, телевизийн хөтөлбөрийг дамжуулах сүлжээний багтаамжийн нэгжийг;
4.1.15."ивээн тэтгэгч" гэж нэвтрүүлгийг бэлтгэхэд санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаа этгээдийг;
4.1.16."хадмал тайлбар" гэж телевизийн нэвтрүүлгээр гарч байгаа дүрслэлийн дуу, чимээ, авиа, яриаг тухайн агшинд нь дэлгэц дээр бичгэн хэлбэрээр илэрхийлэхийг;
4.1.17."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж хувь хүн, хуулийн этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээдийг;
4.1.18."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;
4.1.19."үндсэн багц" гэж хэрэглэгч олон суваг дамжуулах үйлчилгээнээс худалдан авч болох анхдагч, хамгийн бага багцыг;
4.1.20."бүтээл" гэж зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;
4.1.21."өргөн нэвтрүүлгийн радио, телевиз" гэж олон талт хөтөлбөртэй, энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.22."төлбөртэй радио, телевиз" гэж хэрэглэгч тухайн сувгийг сонгон, олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлснөөр идэвхжих радио, телевизийн үйлчилгээг.
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ