26 дугаар зүйл. Намуудын эвсэл

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Намуудын эвсэл

26.1.Орон нутгийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий намууд орон нутгийн Хурлын сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр дараах асуудлыг шийдвэрлэсэн байна:

26.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;

26.1.2.нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох;

26.1.3.нам тус бүрд ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийн нэр, нэр дэвших тойргийг шийдвэрлэх;

26.1.4.цаашид сонгуультай холбоотой асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид "намыг төлөөлөх байгууллага" гэх/-ийг томилох;

26.1.5.эвслийн гэрээг хэлэлцэн батлах.

26.2.Эвсэлд нэгдэж байгаа намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

26.3.Эвсэлд нэгдсэн намууд тус бүрдээ эвсэлд нэгдэн орох талаарх энэ хуульд заасан асуудал бүрийг хэлэлцэн шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийн гэрээ байгуулж, намын дарга нар гарын үсэг зурж, тамгаа /тэмдэг/ дарж баталгаажуулснаар эвсэл байгуулагдсанд тооцно.

26.4.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон өмнөх сонгуульд хэрэглэсэн өөр намын эвслийн нэрээр нэрлэхийг хориглоно.

26.5.Эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон тухайн шатны Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

26.6.Нэгэнт байгуулагдсан эвсэлд дараагийн сонгууль хүртэл аль нэг нам, эвсэл шинээр нэгдэн орохыг хориглоно.

26.7.Эвслийг төлөөлөх байгууллага эвсэлд нэгдэн орсон нам тус бүрээс томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд дараах эрхтэй:

26.7.1.эвслийн мөрийн хөтөлбөр батлах;

26.7.2.эвслийн гэрээнд өөрчлөлт оруулах;

26.7.3.нөхөн сонгуульд эвслээс нэр дэвшүүлэх;

26.7.4.эвслийн гэрээг цуцлах.

26.8.Эвслийг төлөөлөх байгууллага тухайн эвсэлд нэгдэн орсон нам тус бүрд ногдсон суудлын тоог өөрчлөх эрхгүй.

26.9.Эвсэлд нэгдэн орсон намууд нь орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон орон нутгийн Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцоно.

26.10.Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв намуудын олонх нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.

26.11.Эвслийн гэрээнд дараах зүйлийг тусгана:

26.11.1.эвслийн нэр;

26.11.2.талуудын нийтлэг болон харилцан хүлээх эрх үүрэг;

26.11.3.эвслийг төлөөлөх байгууллага болон түүний удирдах бүрэлдэхүүнд орсон иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажил, албан тушаал;

26.11.4.эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

26.11.5.харилцан тохиролцсон бусад асуудал.

26.12.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрхийн хугацаанд хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.