30 дугаар зүйл. Бие даан нэр дэвшүүлэх
30.1.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн бие даан нэрээ дэвшүүлж болно.
30.2.Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн дараах тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна:
30.2.1.аймаг, дүүргийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 201-ээс доошгүй;
30.2.2.нийслэлийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 501-ээс доошгүй;
30.2.3.сумын Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 51-ээс доошгүй.
30.3.Тухайн шатны сонгуулийн хороо Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшигчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.
30.4.Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./