37 дугаар зүйл. Сонгуулийн мөрийн хөтөлбөр
37.1.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.
37.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.
37.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:
37.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
37.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
37.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
37.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
37.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
37.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.
37.4.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.
37.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.6.Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
37.7.Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
37.8.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн, дахин сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.
37.9.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.
37.10.Төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
37.11.Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
37.12.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага нь энэ хуульд заасан нам, эвслийн хандивын тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт нээлттэйгээр байршуулна.