4 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль
4.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид "орон нутгийн Хурлын сонгууль" гэх/ нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн.
4.2.Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно.
4.3.Орон нутгийн Хурлын сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэсэн төрөлтэй байна.
4.4.“Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг ойлгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.5.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд явагдах сонгуулийг ойлгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.6.“Нөхөн сонгууль” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41, 42 дугаар зүйлд зааснаар Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.7.“Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.8.Орон нутгийн Хурлын сонгууль олонхын /мажоритар/ тогтолцоотой байна.
4.9.Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт дараах төрөлтэй байна:
4.9.1.нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт;
4.9.2.энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт.