40 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

40.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

40.1.1.гурван хэвлэлийн хуудас сонин;

40.1.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

40.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

40.2.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.

40.3.Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 40.3-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.5.Энэ хуулийн 40.3-т заасны дагуу тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулахыг хориглоно.

40.6.Ухуулах хуудсыг нэг хэсэгт 20-оос илүүгүй байршуулах бөгөөд гудамж талбайд байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож, орчин бохирдуулахыг хориглоно.

40.7.Ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна.

40.8."Нэг хэвлэлийн хуудас" гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.

40.9.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.

40.10.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан нам, эвсэл, нэр дэвшигчийн зурагт болон ухуулах хуудсыг гэмтээх, устгахыг хориглоно.

40.11.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийн танилцуулга, намтар, нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно.

40.12.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээнд хамаарна.

40.13.Энэ хуулийн 38.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.