64 дугаар зүйл. Санал авах байранд санал авах ажиллагаа

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

64 дугаар зүйл. Санал авах байранд санал авах ажиллагаа

64.1.Хэсгийн хорооны бүрэлдэхүүн санал авах байранд санал авах ажиллагаа эхлэхээс өмнө ажиглагчдыг байлцуулан доор дурдсан дарааллын дагуу хэсгийн хорооны дарга мэдээлэл хийж, бэлтгэл ажлыг гүйцэтгэн тэмдэглэл хөтлүүлнэ:

64.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлэх;

64.1.2.саналын хуудасны нэгдсэн дугаарыг мэдээлэх;

64.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр буцааж хураагдсан, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлэх;

64.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал тоолох төхөөрөмжийг битүүмжлэх, лацдах, санал авах ажиллагаанд бэлэн болгох.

64.2.Хэсгийн хорооны дарга санал авах ажиллагааны бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд уг ажиллагаанд тухайн хэсгийн сонгогчдын төлөөллийг байлцуулж болно.

64.3.Санал авах өдрийн 07:00 цагт санал авах ажиллагаа эхэлнэ.

64.4.Санал авах ажиллагаа эхэлмэгц зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн иргэний бүртгэлийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авах бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

64.5.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд сонгогчдын саналыг энэ хуулийн 64.4-т заасан ажиллагааг хийж дууссаны дараа авч эхэлнэ.

64.6.Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

64.7.Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно.

64.8.Гарын хурууны хээгээр сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

64.9.Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч, саналын хуудас олгоно. Бүртгэлийн хуудсыг сонгуулийн баримт бичигт хавсаргана.

64.10.Хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан энэ хуулийн 64.7, 64.8-д заасны дагуу тэмдэглэл үйлдсэн буюу бүртгэлийн хуудас олгосон сонгогчдын жагсаалтыг тусад нь гаргаж, тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж, тэмдэглэл үйлдэнэ.

64.11.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.

64.12.Санал авах ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно.

64.13.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээр этгээд саналаа өгөхөд хамаарахгүй.

64.14.Санал авах өдрийн 20:00 цагт сонгогчдын бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчийн саналыг нь өгүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.