66 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын сонгууль ажиглах
66.1.Орон нутгийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд гурав хүртэл, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд хоёр хүртэл сонгуулийн ажиглагч /цаашид "ажиглагч" гэх/-ийг томилж ажиллуулах эрхтэй.
66.2.Ажиглагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.
66.3.Нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно.
66.4.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нь ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
66.5.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглаж болно.
66.6.Сонгууль ажиглах журам, түүнд холбогдох маягт, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
66.7.Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.
66.8.Ажиглагчийг бүртгэх хугацаа өнгөрсөн бол хэсгийн хороо ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.
66.9.Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно.
66.10.Ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана.
66.11.Ажиглагч бүртгэлээс хасагдсан бол ажиглагч томилсон этгээд түүний оронд өөр хүнийг томилох эрхгүй.
66.12.Санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагчдыг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангана.
66.13.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй.
66.14.Энэ хуулийн 66.13-т заасан үйл ажиллагааг зохицуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.